2011-04-04
долоон настай хүү/үлгэр

Долоон настай хүү
Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ. Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч ирээд, чамайг иднэ гээд бариад авчээ. Долоо баян: - Намайг битгий идээч! Долоон түмэн адуугий минь идээч гэж гуйж гэнэ. Мангас - Яасан ч миний дур, чамайг идвэл адуу чинь минийх ээ гэжээ. Долоо баян дагжин чичирч байгаад - Сэгсгэр сэвлэгтэй долоон настай хүүгий минь ав. Довцог толгой дээр орхичихоод маргааш нүүнэ тэгэхэд нь аваарай гэхэд нь Мангас дуртай дургүйхэн шиг - Тэгье гэжээ. Долоо баян маргааш өглөөний нь гарах улаан нарнаар довцог толгой дээр долоон настай хүүдээ урц барьж өгөөд, нум сумы нь хажууд нь тавьж унтуулчихаад нүүжээ. Гэтэл мангас урцын гадаа ирээд, Долоо баян хаана байна гараад ир гэж хашгирчээ. Долоон настай хүү, нэг гартаа нум сумаа, нөгөө гартаа дээлээ чирээд гарчээ. Мангас: - Долоо баян хаана байна гэв. Хүү: - Энд байна гэжээ. Мангас: - Таныг яагаад Долоо баян гэдэг юм бэ? Хүү, - Долоон түмэн адуугаар нь тэгж нэрлэсэн юм. Мангас: - Адуу ч гэж унага байгаа биздээ. Хүү: - Унага нь ч унага юм, харин долгио нуурыг ширгэтэл уучихдаг юм даа. Мангас: - Нуур гэж шалбааг байгаа биз дээ. Хүү: - Шалбааг нь ч шалбааг юм байх аа, харин хун шувуу нисээд гардаггүй юм гэдэг шүү. Мангас: - Шувуу гэж болжмор байгаа биз дээ, Хүү: - Болжмор нь ч болжмор юм байх аа, харин гэрийн тооныг бүрхчихээд байдаг юм шүү. Мангас: - Гэр гэж урц байгаа биздээ. Хүү: - Урц нь урц юм байхаа, үүднээс нь харайсан туулай хоймор нь хүрдэггүй юм гэнэ билээ, Мангас: - Туулай гэж бүжинхий байгаа биз дээ. Хүү: - Бүжинхий нь бүжинхий юм байхаа, босоо тэмээн дээгүүр харайдаг юм гэнэ билээ. Мангас: - Тэмээ гэж ботго байгаа биздээ. Хүү: - Ботго нь ботго юм байхаа, босоо хүнээс өндөр юм гэдэг шүү. Мангас: - Хүн гэж хүүхэд байгаа биз дээ. Хүү: - Хүүхэд нь хүүхэд байхаа, арван таван толгойтой атигар хар мангасыг ингээд дарчихсан юм гэнэ билээ гээд нум сумаа аваад мангасыг харвачихжээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax